Монгол улсад орчин цагийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ойн "БАЯРЫН ХУРАЛ" зохион байгуулагдлаа. Баярын хуралд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт хамт олны төлөөлөл болон УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, ЦХХХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар болон МУ-ын Гавьяат холбоочин, Хөдөлмөрийн баатар, Холбооны сайд асан Д.Готов тэргүүтэй эрхмүүд оролцлоо.
Монгол Улсад орчин цагийн харилцаа, холбооны салбар үүсэж хөгжсөн түүх гэвэл Ардын хувьсгал ялсан 1921 оны долоодугаар сарын 11-ний өдрөөс 8 хоногийн дараа тухайн жилийн долоодугаар сарын 19-нд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулснаар тулгын чулууг тавьжээ.
Улмаар 1944 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Холбооны яам байгуулснаар харилцаа холбооны салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Түүнээс хойшхи хөгжлийн түүх гэвэл 1996 оны нэгдүгээр сарын 17-нд манай улсад анх удаа интернэт нэвтэрснийг албан ёсоор зарласнаар уг үйл ажиллагаагаар Азийн анхны 10 орны нэг болж байсныг ЦХХХ-ын сайд Н.Учрал өнөөдөр болсон Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийн ойн баяр хурал дээр онцлон дурдлаа.
Эрүүл мэндийн сайдын 1995 оны А/137 тоот тушаалаар 1997 онд бүх аймгийн хамруулсан мэдээллийн сүлжээг зохион байгуулж Эрүүл мэндийн статистик, мэдээллийн төвтэй холбох ажлыг эхлүүлж байжээ.

Баярын хуралд Эрүүл мэндийн яамны Төслийн Програм хангамжийн Зөвлөх Т.Намхайнямбуу, Цахим эрүүл мэндийн холбооны гишүүн Б.Баярсайхан, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарын мэргэжилтэн А.Зоригтбаатар, Хан-Уул дүүргийн ЭМТ мэдээллийн технологийн дарга А.Амартөвшин, Клиникийн 2-р эмнэлгийн мэдээллийн мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн, Г.Энхболд Клиникийн 3 эмнэлгийн Мэдээллийн технологийн дарга Г.Энхболд нар төлөөлөгчөөр оролцов.
Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын өнгөрсөн үед бүтээсэн бат бэх суурь дээр шинэ зууны их ололт амжилтын төлөөх зүг чигээ тодорхойллоо.
Хөгжлийн түүч болсон Эрүүл мэндийн салбарын хамт олондоо баяр хүргэж амжилт хүсье!